БНСУ | Цуврал алуурчин эмэгтэй "туршилт" хийж байсан байж болзошгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 26

 

Өмнөд Солонгост 20 гаруй насны эмэгтэй нойрсуулах эм ашиглан хоёр эрэгтэйн аминд хүрч, нэг эрэгтэйг гэмтээсэн хэрэг гараад байгаа нь багагүй шуугиан тариад байгаа билээ. Уг эмэгтэйг өнгөрөгч нэгдүгээр сарын 12-нд саатуулан баривчилсан бөгөөд хэргийг энэ сарын 19-нд прокурорт шилжүүлсэн байна. 

Тухайн эмэгтэй эхлээд найз залуугаа нойрсуулах эм хольсон ундаагаар мансууруулсан бол дараагийн удаад онлайнаар танилцсан хоёр эрэгтэйг зочид буудалд дуудан нойрсуулах эмтэй ундаагаа өгч аминд нь хүрчээ. Ингэхдээ тэрээр нойрсуулах эмнийхээ тунг нэмсээр байсан нь гэмт хэргийн сэтгэл судлаачдын анхаарлыг татаад байна. 

Гэмт этгээд найз залуу дээрээ эхний ээлжинд туршилт хийж, эм хэрхэн үйлчилж байгааг шалгасан бол дараагийн удаад тунгаа нэмж, хүний аминд хүрсэн нь урьдаас төлөвлөсөн үйлдэл байсан хэмээн мэргэжилтнүүд тодорхойлжээ. Уг эмэгтэй цагдаад шалгагдаж эхэлснийхээ дараа гурав дахь хохирогчийн аминд хүрсэн нь мөн анхаарал татаад байгаа бөгөөд гэрээс нь их хэмжээний нойрсуулах эм олдсон нь дахин аллага үйлдэх төлөвлөгөөтэй байсныг нь илтгэж байгаа аж. 

Уг эмэгтэйг психопат байж болзошгүй хэмээн шинжилгээнд хамруулахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дондог(202.9.47.59) 2026 оны 02 сарын 26

Энэ мэдээ монголд хамаатай юу?

1  |  0
Top