Трамп АНУ-ыг ирээдүйн эрчим хүчний өрсөлдөөнөөс гаргав. Америк Хятад, Энэтхэгийг гүйцэж чадах уу?

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 23

Дэлхий эрчимтэй цахилгаанжиж, нар, салхи, ус зэрэг хямд сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж байна. Харин дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ ирээдүйн эрчим хүчний салбарт ноёрхох өрсөлдөөнөөс гарч, чулуужсан түлшний өнгөрсөн үе дээрээ үлдэх шийдвэр гаргасан гэж шинжээчид үзэж байна.

Цагаан ордны тэргүүн Доналд Трамп өмнөх ерөнхийлөгч Жо Байдены тавьсан “ногоон” эдийн засгийн суурийг задлаж, АНУ-ыг уур амьсгалын хэлэлцээрүүдээс гаргаж, газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх, нүүрс болон дотоод шаталтат хөдөлгүүрээс татгалзах төлөвлөгөөг цуцлах, салхин цахилгаан станцуудын эсрэг бодлого эхлүүлжээ.

Үүний үр дүнд цахилгаанжуулалтын уралдаанд Хятад, Энэтхэг хоёр түрүүлж байна. Тус хөгжиж буй хоёр том эдийн засаг аж үйлдвэр, автомашин үйлдвэрлэл, хүн амын эрчим хүчний хэрэгцээ хурдацтай өсөж байгаа ч газрын тос, хийн дотооддоо хангалттай нөөц байхгүй. Тиймээс тэд хүн бүрд хүртээмжтэй сэргээгдэх эх үүсвэр болох нар, салхинд тулгуурлах стратегийг сонгосон байна.

Азийн аваргуудын араас Оросын түрэмгийллийн дараа чулуужсан түлшний гол нийлүүлэгчээ алдаж, “ногоон” шилжилтийг эрчимжүүлээд байгаа Европын Холбоо шил даран алхаж байна.

Америк хоцорч байна

“Цахилгаан эрин үе эхэллээ” гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) хоёрдугаар сард зарласан билээ.

Сүүлийн 30 жилд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт эдийн засгийн өсөлттэй ойролцоо хурдаар нэмэгдэж байсан бол өдгөө эдийн засгийн өсөлтөөс давж, энэ чиг хандлага 2030 он хүртэл үргэлжилнэ гэж IEA үзэж байна.

Энэ нь хөрөнгөжиж байгаа хүн ам, аж үйлдвэрүүд нь шинэ үйлдвэр, мэдээллийн төв, барилга байгууламж, автомашины эрчим хүчний эх үүсвэрийг сонгохдоо газрын тос, хий, нүүрс бус харин цахилгаанд тулгуурлан сонгоотоо хийж байна гэсэн үг.

IEA-ийн шинжээчдийн тооцоолсноор ойрын таван жилд цахилгаан эрчим хүчний хэрэглээ нийт эрчим хүчний эрэлтээс дор хаяж 2.5 дахин хурдан өсөх бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийг цахилгаанжуулах шилжилтийг эрчимжүүлнэ.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг огцом буурч байгаа тул нар, салхин цахилгаан станц болон зай хураагуурын хүчин чадлыг эрчимтэй нэвтрүүлж чадсан улс орнууд хамгийн их ашиг хүртэх юм.

 

 

Хятад, Энэтхэг АНУ-ыг гүйцэж байна

Өнгөрсөн онд Хятад улс цахилгаан эрчим хүчнийхээ 22 хувийг нар, салхины эх үүсвэрээс хангасан бол АНУ-д энэ үзүүлэлт 18 хувь байсан байна.

 IEA-ийн таамгаар 2030 он гэхэд эл зөрүү нэмэгдэж, Хятадад 37 хувь, АНУ-д ердөө 23 хувь байх төлөвтэй.

Энэтхэг хүртэл АНУ-аас хурдан цахилгаанжиж байгаа бөгөөд тус улсын сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 14-өөс 24 хувь болж өсөх бол Европын Холбоонд одоогоор 30 хувь, 2030 он гэхэд 46 хувьд хүрэхээр байна.

Дэлхий Америкийг хүлээхгүй

Улстөрч, эдийн засагчид дэлхий цахилгаанжуулалтын шилжилт АНУ-ыг хүлээлгүй үргэлжилнэ гэж анхааруулж байна. Эрчим хүчний ирээдүйн манлайллын төлөөх өрсөлдөөнд хэн түрүүлж сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлнэ, тэр улс эдийн засгийн давуу байдал олж авах стратегийн ач холбогдолтой гэж шинжээчид онцолжээ.

“АНУ хоцорно” гэж Альберт Гор анхааруулав

“АНУ-ын засаг захиргаа сууж байх зуур дэлхийн удирдагчид, орон нутгийн засаг захиргаа болон хувийн хэвшил цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг   үргэлжлүүлэн урагшлуулна” гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Альберт Гор, Трампыг уур амьсгалын хэлэлцээрүүдээс гарсныг зарласны дараа мэдэгдсэн байна.

Тэрбээр “Энэ бол бодлогогүй, болчимгүй шийдвэр бөгөөд АНУ-ыг маш ихээр хоцроход хүргэнэ” гэж онцолжээ.

Трамп Байдены үед батлагдсан сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин болон бусад “ногоон технологи”-ийн татаасыг танаж байхад дэлхий дахин эдгээр салбарт урьд урьдынхаас ч их хөрөнгө оруулсаар байна.

 

 

“Ногоон” шилжилтийн хөрөнгө оруулалт дээд амжилт тогтоов

Bloomberg NEF судалгааны төвийн тооцоогоор өнгөрсөн онд эрчим хүчний “ногоон” шилжилтэд 2.3 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь рекорд хэмжээ. Дэлхийн дахинд энэ салбарын хөрөнгө оруулалт найман хувиар өссөн бол АНУ-д ердөө 3.5 хувиар нэмэгдсэн байна.

“Эрчим хүчний шилжилт нь дэлхийн хэмжээний үзэгдэл. Трамп ахиц дэвшлийг удаашруулж чадна, гэхдээ зогсоож чадахгүй” гэж Bloomberg-ийн шинжээчид тэмдэглэжээ.

Трампын бодлого

Трампын засаг захиргаанаас энэ чиглэлд гаргасан шийдвэрүүдийн нэг нь Пентагонд нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас эрчим хүч худалдан авахыг үүрэг болгосон явдал байлаа. Мөн автомашинд тавигдах байгаль орчны шаардлагыг сулруулж, автомашин үйлдвэрлэгчдэд тавьдаг “start/stop” (түр зогсоход хөдөлгүүр автоматаар унтардаг) систем суурилуулах шаардлагыг цуцалсан шийдвэр юм.

 Трамп уламжлалт автомашин үйлдвэрлэл болон дотоод шаталтат хөдөлгүүрийг дэмжиж байгаа үед Хятад улс цахилгаан автомашиныхаа ачаар дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэгч болж чаджээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) тооцоолсноор дэлхийн автомашин үйлдвэрлэлийн 40 хувь нь Хятадад, харин Европ болон Хойд Америкт тус бүр 15 хувь нь ногдож байна. Мөн Хятад 2024 онд Европын Холбоог гүйцэж, дэлхийн хамгийн том автомашин экспортлогч болсон бөгөөд өнөөдөр дэлхий даяар борлуулагдаж буй цахилгаан автомашины 70 орчим хувийг Хятад үйлдвэрлэж байна.

 

 

 IEA Хятадад автомашин үйлдвэрлэх нь өрнөдөөс хямд гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хангалттай хөрөнгө оруулалт хийвэл өрнөдийн орнууд ирээдүйд Хятадыг гүйцэж, түрүүлж чадна гэж үзэж байна.

Трамп ба IEA-ийн зөрчил

IEA-ийн зөвлөмжид Трамп хатуу хариу өгч, тус агентлаг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх таамагтаа дурдсаар байвал санхүүжилтийг нь зогсооно гэж сүрдүүлжээ. Тэрбээр IEA-г 1970-аад оны газрын тосны хямралын дараа байгуулагдсан анхны зорилго болох газрын тос, байгалийн хийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг таамаглах ажилдаа буцаж орох ёстой гэж мэдэгдсэн байна.

 Трамп ногоон бодлогыг “их луйвар” гэж үздэгээ өнгөрсөн намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс мэдэгдэж байсан билээ. Тэрбээр салхин цахилгаан станцад дургүй бөгөөд баригдаж дуусах дөхсөн томоохон төслүүдийг хүртэл зогсоох тушаал өгсөн байна.

Эдийн засагч, Нобелийн шагналт Пол Кругман АНУ ба Хятадын технологийн өрсөлдөөнийг Хүйтэн дайны үеийн АНУ, ЗХУ-ын сансрын уралдаантай зүйрлэжээ. Тухайн үед Зөвлөлтийн хиймэл дагуул Америкийг цочроож, улмаар АНУ шинжлэх ухаан, технологид асар их хөрөнгө оруулж өрсөлдөгчөө гүйцэж, түрүүлсэн түүхтэй.

“Одоо байдал эсрэгээрээ байна. АНУ Хятадаас технологи, эдийн засгийн хөгжлөөр үүрд хоцрох эрсдэлтэйг хүлээн зөвшөөрөхийн оронд Трампын засаг захиргаа шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг танаж, стратегийн салбаруудын ахиц дэвшлийг хазаарлаж байна. Үүний хамгийн тод жишээ нь Трампын сэргээгдэх эрчим хүчний эсрэг явуулж буй кампанит ажил” гэж Кругман бичжээ.

Тэрбээр “АНУ дэлхийн манлайллын өрсөлдөөнд Хятадад ялагдаж байна уу?” гэсэн асуултад өөрөө хариулж, “Үгүй, энэ уралдаан үнэндээ аль хэдийн дууссан. Трамп болон түүний баг 2028 онд сонгуульд ялагдаж магадгүй. Гэвч тэр үед Америк маш ихээр хоцорсон байх тул нөхөж гүйцэх боломж бараг байхгүй” гэж дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top